


Уг арга хэмжээг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд форумын үеэр БНСУ-ын олон улс дахь нэр хүндийг бэхжүүлэх, зөөлөн хүчний бодлого болон стратегийн онцлог бүхий дараах хөтөлбөрүүдийг судлан хэлэлцэв. Үүнд: “Global Korea” (Ж.Баттөр, МУИС-ийн дэд профессор), “Branding Korea” (Э.Баярмаа, ОУУБИС), БНСУ-ын хэлний даяаршлын хөтөлбөр (Кан Сонь Хуа, Ph.D., төслийн ахлагч, дэд профессор), БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн бодлого (Б.Туяа, Ph.D., ОУУБИС, төслийн дэд ахлагч, ), Солонгос судлалын даяаршлын хөтөлбөр (Б.Алтай, ОУУБИС), мөн хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой “Brain Korea 21” (Л.Мөнхнаран, ОУУБИС) зэрэг хөтөлбөрийг танилцуулав.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт “Brain Korea 21” хөтөлбөрийн хэлэлцүүлгээр уг хөтөлбөрийн анхан шатанд тоон үзүүлэлтийг чухалчилж байсан нь зарим асуудлыг дагуулсан ч урт хугацаандаа чанарын үнэлгээгээр нарийвчлан шигших болсон нь бодит үр дүнд хүрч чадсаныг онцолж Монгол улс уг аргыг ашиглах замаар хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтойг дурдав. Мөн Монгол Улсаас БНСУ-д суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв Солонгос хэл, судлал, соёлын даяаршлын бодлогын талаарх хэлэлцүүлэгтээ БНСУ-ын туршлагаас харахад Монгол улс жижиг мэт санагдах зүйлсийг ч улс орны соёл, брэндийн хэмжээнд хөгжүүлэх боломжтой болохыг онцлон тэмдэглэв. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх асан Шин Сангюүн “Global Korea” , “Brain Korea” илтгэлийн хэлэлцүүлэгт Монгол Улс тэнцвэрт зуучлагч дипломат бодлогоо бэхжүүлэх, Улаанбаатарын хэлэлцээрийг тасралтгүй зохион байгуулж, тогтмолжуулж чанаржуулах, мөн байгалийн нөөц, онгон дагшин байгалиа түшиглэсэн урт хугацааны зөөлөн хүчний бодлогыг боловсруулж. хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлэв.