“IUU СОЛОНГОС СУДЛАЛ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий шаардлага
- Нийтлэг шаардлага
- Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь Солонгосын хойгийн бүс нутгийн түүх, соёл, хэл шинжлэл, утга зохиол, угсаатны зүй, шашин, нийгэм, эдийн засаг, улс төр хийгээд бусад салбар болон хавсарга ухааны тодорхой асуудлыг хөндсөн судалгааны үр дүнг тусгасан байх.
- Өгүүлэл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэгдэн нийтлэгдээгүй байх, зохиогчийн эрхийн зөрчилгүй байна. Бүтээл нь судалгааны шинэлэг үр дүнг тусгасан байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
- Өгүүллийг редакцын зөвлөлийн гишүүн болон гаднын байгууллагын судлаач, шинжээчид давхар хянан магадалгаа хийх бөгөөд шалгуур хангахгүй гэж үзвэл зохиогчид цахим шуудангаар мэдэгдэнэ.
- Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал нь англи, солонгос, монгол хэл дээр байна.
- Өгүүллийн хэмжээ нь хүснэгт, зургийн тайлбар болон ном зүйг оруулалгүй 2500-5000 үгтэй буюу A4-ийн 10-15 нүүр байна (үсгийн хэмжээ 11pt).
- Өгүүллийг A4 хэмжээтэй (дээд, доод, баруун зүүн 2.54см), MS Word программаар, үндсэн бичвэрийг монгол болон англи хэлээр бичих бол Times New Roman, солонгос хэлээр бичих бол BatangChe(바탕체), үсгийн хэмжээ 11pt, мөр хоорондын зай 1.0(single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлнэ.
- Эшлэл, зүүлтийн үсгийн хэмжээ 9pt, мөр хоорондын зай 1.0 (single) бөгөөд стандартын дагуу тэмдэглэсэн, гадаад эх сурвалжийг тухайн эх хэлээр нь бичсэн байна.
- Хүснэгт, диаграмм, зургийн эх сурвалж, тайлбарыг шууд доод талд нь налуу үсгээр бичнэ. Хоёр буюу түүнээс дээш тооны хүснэгт, диаграмм, зургийг өсөх эрэмбээр дугаарлана.
- Өгүүллийн бүтцийн шаардлага
- Гарчиг : Монгол, солонгос, англи хэлний аль нэгээр бичнэ.
- Зохиогчийн мэдээлэл: Овог нэрийг монгол, англи, солонгос хэлээр бичнэ. Харьяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цол, цахим шуудангийн хаягийг баруун дээд буланд бичнэ. Хэмжээ: 13pt, bold./Жишээ нь : *Доктор Ph.D, ОУУБИС, Солонгос хэл соёлын тэнхим, ….@ulaanbaatar.edu.mn/.
- Хураангуй(Abstract) : Англи, солонгос, монгол хэлээр агуулгыг хураангуйлан 150-200 үгэнд багтаах. Хэмжээ : 10pt, regular. Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
- Түлхүүр үг (keywords): 5-с доошгүй түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, холбоо үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Хэмжээ: 10pt, regular.
- Удиртгал/Судалгааны зорилго, асуулт, арга, хэрэглэгдэхүүн/: Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна.
- Судалгааны үндсэн хэсэг : Судлаачийн оюуны өмчийг сэтгүүлийн зөвлөл хүндэтгэн үзэх бөгөөд өгүүлэлдээ эш татсан өгүүлбэр, зураг графикт заавал эшлэл зүүсэн байна. Судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа алхам, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
- Судалгааны үр дүн: Судалгааны үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
- Дүгнэлт, санал: Судалгааны үр дүнд суурилсан, түүнээс улбаалсан утга санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик, үндсэн хэсэгт дурдаагүй санаа оруулахгүй байх, дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэх арга зам санал болгосон байвал сайн.
- Ном зүй: Ном зүйг APA (АНУ-ын сэтгэл зүйн нийгэмлэг) 7 бичвэрийн стандартыг дагана. Үсгийн хэмжээ 10pt өндөртэй, эш татсан дарааллаар эсвэл цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан italic хэлбэрээр бичнэ. Ном зүйд орсон бүтээлийг монгол болон гадаад хэлээрх, цахим эх сурвалж гэсэн 3 хэсэгт, цагаан толгойн дарааллаар тус тус жагсааж дугаарлана. Эшлэл аваагүй зохиол бүтээлийг ном зүйд оруулахгүй.
- Хавсралт: Шаардлагатай бол оруулж болно.
- Нийтийн хүртэл болгох
- Үндсэн шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг эхний хянан магадалгаа хийгээд, дахин засварлах шаардлагатай бол дахин завсарласны дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлнэ.
- Хэвлэгдсэн дугаарыг ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгийн номын сангаас үзэх боломжтой. Мөн ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгийн цахим хуудас(ksc.iuu.mn), ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгийн https://www.facebook.com/koreanstudiesiuu фэйсбүүк хуудаснаас сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн өгүүллийн тухай мэдээллийг авч болно.