БНСУ-ын Боловсролын яамнаас жил бүр гадаадын их дээд сургуулийг түшиглэн солонгос судлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх багийг шалгаруулдаг бөгөөд 2022 онд АНУ, Австрали, Вьетнам, БНХАУ зэрэг орнуудын 5 багтай мөр зэрэгцэн Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн профессорын баг жилийн 165 сая вон бүхий төслийг нийт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шалгараад байна.
Энэхүү төслийн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний сэтгүүл, ном, сурах бичиг бүтээх, бакалавр болон магистрын түвшинд суралцаж буй оюутанд тэтгэлэг олгох, оюутнуудын дунд сургалт, семинар зохион байгуулах зэргээр судлаачдыг чадавхжуулах, шинэ залуу судлаачдыг төрүүлэхийн зэрэгцээ өөрийн орны судлаачдын харилцаа холбоог өргөтгөөд зогсохгүй Монгол Улстай хаяа дэрлэн орших Өвөр Монгол, Буриад, Халимаг зэрэг улс орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох, судалгааны суурь бааз үүсгэх үйл ажиллагааг эхлүүлж байна. Эдгээр ажлуудаас одоогийн байдлаар бакалаврын түвшинд солонгос судлалаар суралцаж буй оюутнуудаас 8 оюутан шалгаруулан нийт 12 сая төгрөгийн тэтгэлэг олгосноор төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхлээд байна. Хойшид ахисан шатны оюутнуудад мөн тэтгэлэг олгох, солонгос судлалын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ салбарын судалгааны баазыг сайжруулахад томоохон хувь нэмэр болох юм.
Тус төсөл 2023 оны 1 сарын 31-нд нээлтээ хийж, БНСУ-аас Монголд улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гү өөрийн мэндчилгээг илгээж, ОУУБИС-ийн ерөнхий захирал Кан Юу Ёль, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо нар баяр хүргэж үг хэлсэн юм. Мөн МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хүрээ дээд сургууль, ОТИС, ОУУБИС-ийн солонгос хэл, судлалын эрдэмтэн багш нар, удирдлагууд оролцов.